Сайн байцгаана уу, уншиж байгаа өдрийн мэнд.
Хүний сэтгэл зүй, тархи хэрхэн ажилладаг тухай дараагийн нийтлэлээ оруулая. Хүн бүрийн амьдралын зорилго, өнгөрсөн туулж өнгөрүүлсэн амьдралын туршлага өөр, одоо байгаа цэг хаанаас хаа хүртэл зорьж байгаа нь харилцан адилгүй учир ерөнхий чиглүүлэг өгөхөөр доорхи хэсгийг орууллаа.
БИ ХЭН БАЙЖ ЧАДАХ ВЭ?
Зорилго нь амьдралын утга учрыг илэрхийлэх, цаг хугацаагаа харамгүй зориулах, өөрийн дурсамжид байлгахыг хүсэж буй бүх л зүйл юм.
Зорилгыг энгийнээр тайлбарлавал, таны амьдралдаа байлгахыг хүсэж буй үйлдэл болон сэтгэл санааны байдлын цуглуулга юм. Та өөрийнхөө амьдралд юуг хийчихсэн байхыг хүсэж байна? Өөрийн сонгосон мэргэжилдээ, сонгож амьдарсан хань ижилтэйгээ, өсгөн хүмүүжүүлж буй үр хүүхдийнхээ төлөө та энэ амьдралдаа юуг хийчихсэн байхыг хүсэж байна? Та амьдралдаа харахыг, мэдрэхийг, дурсахыг, бүтээхийг, бий болгохыг хүсэж буй зүйлээ тодорхойлох нь өөрийн зорилгыг бий болгож буй хэрэг билээ.
Бидэнд цаг хугацааны 3 үечлэл байдаг. Дараах 3 цаг хугацаа, холбогдох 3 асуулт бидний амьдралын утга учрыг ижил тэнцүү бий болгож байдаг.
ӨНГӨРСӨН: Би хэн байсан бэ?
ОДОО: Би хэн бэ?
ИРЭЭДҮЙ: Би хэн байж чадах вэ?
Ирээдүй цаг дээр орших “БИ ХЭН БАЙЖ ЧАДАХ ВЭ?“ гэдэг асуултын хариулт нь бидний зорилго юм. Энэ асуултад бусадтай өрсөлдөхгүй, өөрийгөө буруутгахгүй, өөрийн сэтгэлд дэм өгөх хариултыг олох нь зорилгоо тодорхойлж чадсаныг илэрхийлдэг.
Хүүхдийн төлөө хичээж ажиллах, цэвэр тухтай орчинд амьдрах, өөрийн хэрэгцээг үл хайхран бусдад туслах, хамт олныхоо дунд нэр хүндтэй байх зэрэг бидний өдөр тутамдаа хэлдэг зүйлс бүгд амьдралдаа хийчихсэн байхыг хүсэж буй зорилго мөн. Зорилго бол төсөөлөл, мөрөөдөл мэт хийсвэр зүйл биш. Харин амьдралдаа байлгахыг хүсэж сонгосон, үүнийхээ төлөө өдөр тутамдаа хичээл зүтгэл гаргадаг, бодитой биет үр дүн юм. Тиймээс өөрийн зорилгыг өөрийн гэж баярлан хүлээн авч, амьдралынхаа цаг хугацааг сонгосон зорилгынхоо төлөө зориулж байгаа гэдгээ санаж амьдрах нь сэтгэл ханамжийн эхлэл болдог. “Би сайн аав байхыг хүсэж байна” гэсэн зорилготой хүн өөрийн зорилгыг хайрлах тусам би зорилгыг сонгосон гэдгээ мэдрэх тусам амьдралаа төгсгөхдөө “Би сайн аав байж чадсан” буюу цаг мөч бүрээ зориулсан үйлдэлдээ сэтгэл ханамжтайгаар энэ амьдраллыг дуусгаж чадна.
Одоогийн амьдралдаа сэтгэл ханамжгүй байгаагийн шалтгаан нь өнгөрсөнд болсон явдал, хүн хоорондын харилцааг буруутгадаг явдал. Гэтэл өнгөрсөнд болсон явдалд хэт их анхаарлаа хандуулах нь одоогийн асуудалд оношлогоо хийх боломжийг өгөхөөс биш, харин эмчилгээ хийх боломжгүй байдаг. Тиймээс өнгөрсөн түүхээ өөртөө тохируулан бичиж, ирээдүйн түүхээ өөрөө сонгох нь сэтгэл санааны тогтвортой байдалд хэрэгтэй юм. Амьдралыг илүү утга учиртай сэтгэл ханамжтай болгодог зорилго хэмээх зүйл ямар онцлогтой байдаг талаар энэ хэсэгт илүү дэлгэрэнгүй тайлбарлая.
ЗОРИЛГЫН 8 ОНЦЛОГ
ХҮН БҮР ӨӨР ӨӨР ЗОРИЛГОТОЙ
Хүн бүр өөр өөр зорилготой. Энэхүү тодорхойлолтыг ойлгоогүйгээс хүн хоорондын маргаан, тэмцэл эхэлдэг. Хүн бүр өөр өөр өнцгөөр амьдралд ханддагтай адил өөр өөр зорилготой амьдардаг. Нэгэн дээвэр дор амьдрах хосуудын зорилго, нэгэн байгууллагад харьяалагдах ажилтнуудын зорилго ч мөн өөр өөр байдаг. Хэдийгээр нэг нэгнээ сонгох, нэг байгууллагад ажиллах ижил сонголтыг хийсэн боловч хүн бүр яг адил зүйлийн төлөө цаг хугацаагаа зориулдаггүй.
Тиймээс хүний зорилгыг өөрийн зорилготой харьцуулах, өөрийн зорилгыг бусдын зорилготой харьцуулах аль аль нь хүндэтгэлгүй үйлдэл юм. Хүн бүр өөр өөр зорилготой байдаг гэдэг хүлээлттэйгээр ажиллаж амьдрах хэрэгтэй. Амьдрах, ажиллах явцдаа хүмүүс нэг нэгнийхээ зорилгыг мэдэх тусам өөрөөс нь өөр амьдралын хүсэл мөрөөдөлтэй хүмүүсийг хүлээн зөвшөөрөх, ойлгож хүлээж авахад илүү хялбар болдог. Өөрөөсөө өөр зорилготой хүмүүсээс суралцах, тэдний хүсэл мөрөөдлийг сонсож ойлгох нь холбоо харилцааг дотно болгодог нууц юм.
ЗОРИЛГО ӨӨРЧЛӨГДДӨГ
“Би яаж ч амьдарсан яахав” гэсэн зорилго өөрчлөгдөж болдог. Хүний амьдралд тохиолдох үйл явдлууд, бие физиологид гарах өөрчлөлт, хүмүүстэй харилцах харилцаанаас үүдэн хүний зорилгууд өөрчлөгдөж байдаг. Зорилго нь өөрчлөгдсөн үед дагаад үйлдлийн хувьд олон төрлийн өөрчлөлтүүд гардаг. Эерэг үйлдлүүд бий болохоос гадна сөрөг үйлдлүүд ч бий болдог. Тиймээс хүнд гарч буй өөрчлөлтийг шүүмжлэхээс илүүтэй түүний зорилго хэрхэн өөрчлөгдсөн талаар харилцан ярилцаж, ойлголцож болно. Хүний зорилго өөрчлөгдөх нь буруу зүйл биш. Тодорхой нөхцөлд дасан зохицох хариу үйлдэл нь энэ байж болдог. Нийгэмд “Их өөрчлөгджээ чи” гэж хэлэх, эсвэл буруутгах гэсэн хандлага түгээмэл байдаг. Хүн бүрийн туршлага өөр, ирээдүйн төсөөлөл өөр, давуу болон сул талууд өөр, амьдралд баримтлах зарчмууд өөр. Тиймээс зорилго өөрчлөгдсөний төлөө шийтгэх гэж оролдох нь буруу бөгөөд шийдэл биш.
ЗОРИЛГО БҮР ЗОХИХ ЁСНЫ УРАМШУУЛАЛТАЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ
Зорилго бүрийн үр дүнд гэр бүл, ажлын хамт олноосоо урам магтаалыг хүлээж авах шиг нүдээ олсон үйлдэл гэж үгүй. Цаг хугацаагаа зориулан зорьж хийсэн ажлынхаа үр дүнд магтаалын үг сонсох нь ирээдүйн итгэл найдвар, талархах сэтгэл, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг. Өөрийн хичээл зүтгэл гарган хийсэн үйлдэл, зарцуулсан цаг хугацаа нь үр дүнтэй байсныг мэдрэх нь өнгөрсөн цаг хугацааг утга учиртай түүх болгон хувиргадаг билээ.
Эсрэгээрээ хичээл зүтгэл гарган хийсэн бүхнийг нь энгийн нэгэн үйлдэл мэт хүлээж авахад “Би юу ч хийсэн нэмэргүй юм байна” , “Би хэзээ ч үнэлэгдэхгүй юм байна” гэсэн гомдлыг тухайн хүнд үүсгэдэг. Хүмүүс бусдад гомдож өнгөрөөсөн цаг хугацааг түүх болгон ярьдаггүй, харин магтаал, урам зориг дүүрэн байсан цаг хугацааг баярын нулимстай бусдад хуваалцдаг. Тиймээс гэр бүлийн хосууд шинэ байранд орох, үрийн зулай үнэрлэх, хамтын орлоготой болох зэрэг урт хугацааны хичээл зүтгэлийн дүнд хамтдаа бүтээж бий болгосон бүхэндээ өөрсдийгөө урамшуулж, хамтдаа баярлан, өөрсдөөрөө бахархах хэрэгтэй байдаг. Хийнэ гэж бодсоноо хийгээд, сэтгэл нь ханан, өөрсдийгөө урамшуулж, сайхан амьдралыг үргэлжлүүлэн зорих хэрэгтэй.
ЗОРИЛГЫГ ХҮН ӨӨРӨӨ СОНГОДОГ
Та зорилгоо өөрөө сонгож болно. Амьдралдаа сэтгэл ханамжтай байдаг хүмүүс энэ сонголтыг өөрсдөө хийсэн байдаг. Та өөрийн авах шагнал, өөрийн эзэмших боловсрол, өөрийн цагийг зориулах хобби, өөрийн эзэмших ур чадваруудыг өөрөө сонгож байж таны сонголт биелдэг. Сонголтоо хийгээгүй бол таны амьдралд бусдын сонгосон зорилго л хэрэгжих болно. Таны өмнөөс хэн нэгэн сонголт хийж өгч болно. Гэхдээ зорилгоо сонгох эрх танд байдаг гэдгийг хожимдож биш, эрт ойлговол таны цаг хугацаа санаа зоволт, айдсаар биш, харин эрх чөлөө, өөртөө итгэлтэй байдлаар дүүрэн байх юм.
ЗОРИЛГО НЬ ХҮНД БАЙГАА ХАМГИЙН ҮНЭТЭЙ ЗҮЙЛ
Бидний үнэ цэнтэй олон дурсамж цагийн аясаар урсан өнгөрсөн байдаг. Гэвч өнгөрсөн дурсамжийг өөрчилж болдоггүй сул талтай. Ирээдүй цагт аливааг өөрчлөх их хүч байдаг. Ирээдүй цагт итгэл найдвар оршдог. Итгэл найдвар хаана байна, тэнд үнэ цэн үргэлж байдаг. Өнгөрсөн цаг бидэнд итгэл найдвар өгдөг ч ирээдүй цаг бидэнд илүү үнэ цэнтэй, итгэл найдварыг амладаг.
Бидний амьдрах нийгэмд ирээдүйд итгэх итгэл найдвар их байх тусам үнэ цэнтэй улс нийгмийг бий болгох боломж бүрддэг. Тиймээс хүний хамгийн үнэтэй зүйл нь “Ирээдүйд хэн байж чадах вэ” гэдэг төсөөлөл байдаг. Ирээдүйн зорилго төсөөлөл бол хүний сэтгэлийн эмчилгээ юм.
ЗОРИЛГО ХООРОНД ЯЛГАА БАЙХГҮЙ
Нэг хүний зорилгыг нөгөө хүний зорилготой харьцуулах хэмжих нэгж байдаггүй. Тиймээс миний зорилго чинийхээс илүү гэж дүгнэх боломжгүй. “Хүн ямар зорилготой байх вэ” гэдгээс илүүтэй хүнийг урагш нь алхахад туслах зорилго байна уу, үгүй юу гэдэг нь чухал байдаг. Зорилготой хүн зорилгогүй хүн хоорондын ялгаа сэтгэл санааны тогтворгүй байдалд хамгийн их нөлөөтэй.
Хүн өөрийн гэсэн зорилготой байх нь амьдралынх нь загварт хэрэгтэй. Харин бусдынхаас илүү байх гэж өөрийн амьдралыг, бусдын зорилгыг хуулбар болгох нь харамсалтай зүйл юм.
ҮЙЛДЭЛ БҮР ЗОРИЛГООС ЭХЛЭЛТЭЙ. ДАВТАМЖТАЙ ҮЙЛДЭЛ ЗОРИЛГЫГ БИЙ БОЛГОДОГ.
Зорилго ба үйлдэл нэг нэгэндээ харилцан нөлөөлдөг. Биднийг зорилго удирддаг. Зорилго тодорхой үед, хийх үйлдлүүд тодорхой болдог. Нөгөө талдаа давтамжтай хийгддэг үйлдлүүд бидний зорилго болон үлддэг. Эрүүл амьдрая гэсэн зорилго өглөөний цайгаа уух шалтгаан болно. Мөн өдөр болгоны өглөөний цай уух үйлдэл эрүүл амьдрах зорилгыг бий болгодог.
Өөрийн зорилго болгоё гэж бодоогүй ч хийгээд сурсан үйлдлүүд бидэнд байдаг. Аяга угаах, сууж хичээлээ хийх, хүнтэй мэндлэх, өөртөө итгэлтэй байх зэргийг яагаад хийх хэрэгтэйгээ ойлгохоос өмнө өдөр тутамдаа хийгээд сурвал насан туршдаа амьдралын нэг хэсэг байх боломжтой юм. Өөрөөр хэлбэл, хийх хэрэгтэй үйлдлүүдийг хийж сурснаар зорилго тодорхой болон гарч ирж болдог.
БҮХ ЗҮЙЛ ХҮСЛЭЭР ТАНЬ БИЕЛСЭН Ч ДУТУУ ЗҮЙЛ ҮРГЭЛЖ ГАРЧ ИРНЭ
Бид амьдралынхаа туршид ямар нэгэн зүйлд сэтгэл ханамжгүй байх болно. Хүн бүр өөр өөрийн асуудалтай. Нэг талдаа харамсалтай мэт боловч нөгөө талдаа хүн төрөлхтөнд байдаг хамгийн эрх тэгш мэдрэмж нь хүн төрөлхтөнд байдаг хамгийн эрх тэгш мэдрэмж нь энэ байх.
Бид өөрийн цаг хугацаагаа зориулж болох мянга мянган боломжуудаас зөвхөн нэгийг нь л сонгон, зөвхөн тухайн сонголт нь бидэнд сэтгэл ханамжийг өгөх мэтээр хэтэрхий нарийвчлан хардаг. Бид зөвхөн өөрийн мэдрэхийг хүсэж буй мэдрэмж, харахыг хүсэж буй үйл явдлууд дээр анхаарал хандуулан, сэтгэлийн бусад хөдөлгөөн, үйл явдлууд бидний амьдралд ирэхгүй мэт санадаг.
Нөгөөтээгүүр та өөрийн зорьсноос бусад үр дүнд бэлтгэгдээгүй байдаг гэсэн үг юм. Тархи ингэж л ажилладаг. Өөрсдийн зорьсон хүслээ бодит ертөнц дээр бий болгохын төлөө тархи ажиллана. Цаг хугацааг сонгосон сонголтоо зөв болгохын төлөө та өөрөөс шалтгаалах бүх зүйлийг хийнэ. Тиймээс хэтэрхий нарийвчилсан зорилготой байгаа үед бусад зүйлсэд цаг гаргаагүйгээс болоод сэтгэлд хүрэхгүй харамсал төрнө гэдэгт бэлтгэлтэй байх хэрэгтэй. Анзаараагүй өнгөрсөн үйл явдлуудыг зорилгоо биелүүлсний дараа, таныг завтай болсон үед ажиглан харах боломж гарч ирдэг.
ЗОРИЛГОГҮЙ БОЛ ХААНААС ЭХЛЭХ ВЭ?
Та ирээдүйдээ юу хийхээ мэдэхгүй байгаа бол айж сандарч, сэтгэлээр унах, өөрийгөө бусадтай харьцуулах хэрэггүй. Ихэнх хүний хувьд хамгийн сүүлд мөрөөдөлд автан, ирээдүйг догдлон хүлээж, амьдралдаа хийх олон зүйлсийн талаар сэтгэл догдлуулан төсөөлсөн хугацаа нь өсвөр нас болон үлдсэн байдаг. Насанд хүрснээсээ хойш амьдралын талаар цаг гарган бодож төлөвлөөгүй, өөрөө өөртэйгөө ярилцлага өрнүүлээгүй, өөрийн дуртай болон дургүй зүйлсийг анзааран ажиглаагүй байх нь элбэг.
Зорилгогүй бол та зорилгогүй байгаагаа бодитоор хүлээн зөвшөөрөхөөс эхэлнэ. Түүний дараа дараах 6 шат алхмыг нэг бүрчлэн, хичээнгүйлэн ажиллаж хийгээрэй.
Эдгээр 6 үе шат нь үргэлж бичиж тэмдэглэх зориулалттай. Үүний шалтгаан бол бодлоо өгүүлбэр болгон бичих нь хүний бодлыг цэгцэлдэг. Өөрт төрж буй мэдрэмжээ үг болгон бичсэнээр дараа нь таньж мэдэхэд хялбар болдог. Тиймээс бичиж тэмдэглэх нь өөрийгөө дотроосоо эмчлэх эмчилгээний аргачлалд тооцогддог.
НЭГ. ӨНГӨРСНӨӨСӨӨ ДАВУУ ТАЛАА ОЛ
ХОЁР. ИРЭЭДҮЙГ АЙХГҮЙГЭЭР БИЧ
ГУРАВ. ТӨГСГӨЛӨӨС НЬ ЭХЭЛЖ ТӨЛӨВЛӨ
ДӨРӨВ. ОДОО ЦАГИЙНХАА ЗОРИЛГЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨР
ТАВ. АЙДАСТАЙГАА ЦУГ АМЬДАРЧ ӨДӨР БҮР ҮЙЛДЭЛД ЦАГ ГАРГА
ЗУРГАА. САНУУЛГА
НЭГ. ӨНГӨРСНӨӨСӨӨ ДАВУУ ТАЛАА ОЛ
Амьдралын зорилго цор ганц ирээдүй цагийг төсөөлснөөр гарч ирдэггүй, харин өнгөрсөн цагийг дүгнэснээр зорилго бий болдог. Өөрт бий болгосон ур чадвар, давуу талууд, өөрийн хөдөлмөрлөсөн туршлага, хийсэн үйл бүтээл, таатай харилцаа холбоонуудыг нэгтгэн “Би өнгөрсөнд юу юуг хийсэн бэ?” гэдэг асуултад бодит хариултуудыг олох хэрэгтэй.
Ирээдүй цагийг дангаар нь бодож, ямар нэгэн төсөөлөл мөрөөдөл бий болгох гэж оролдохоос илүүтэй амьдралын түүхээс өөрийн давуу талыг, ур чадвар, амжилт бүтээлээ дүгнэн гаргах нь ирээдүйн төсөөллийн бодит суурь нь болдог. Тиймээс ирээдүйг олж, өнөөдрийг хүлээн зөвшөөрье гэвэл өнгөрсөн цагаас өөрт хэрэгтэй олон түүхийг цуглуулан авах хэрэгтэй.
Таны амьдралын аль нэг үед өөрөөрөө бахархах хором мөч байсан л байж таарна. Таны өнгөрсөн бүхэн хий хоосон зүүд зэрэглээ биш юм. Одоо цагийн асуудлууд дундаас өнгөрсөн цагийн амжилт бүтээлүүд тодрон гардаггүй. Тиймээс ирээддүй цаг руу тэмүүлэхээс өмнө өөрт байгаа, аль хэдийн бий болсон зүйлсээ санах нь эхний алхам юм.
АСУУЛТ: ӨНГӨРСӨН ХУГАЦААНД (3-5 ЖИЛД) ӨӨРИЙН ХИЙСЭН 3 зүйлийг НЭГТГЭН бичнэ үү.
……………………………………………………………………………………………………………………………………………………..
Та өөрийн өнгөрсөн хугацаанд хийсэн, хамгийн чухал гэж бодож буй 3 зүйлийн талаарх туршлага олон нийттэй хуваалцах хэрэгтэй гэж бодлоо гэж бодьё. Та ямар 3 зүйлийг сонгох вэ, яагаад эдгээрийг хийхэд өөрийн цаг, хүч, оюун ухаан, амьдралын үнэт мөчөө зарцуулсан бэ?
Өөрөөсөө асууж болох энгийн асуултууд:
Өнгөрсөнд байсан ямар үйлдлүүдийг цаашид авч үлдмээр байна вэ?
Таны амьдралд танд болон бусдад тус болж байсан давуу тал юу вэ?
Та үнэлдэггүй боловч бусад хүнд таалагддаг давуу талууд юу вэ?
Өнгөрсөн хугацаанд та ажиллаж буй байгууллагадаа ямар томоохон ажлуудыг хийсэн бэ?
Та өнгөрсөн хугацаанд гэр бүлдээ зориулан ямар томоохон ажлуудыг хийсэн бэ?
Танд цагаа зориулахад ямар зүйлс хамгийн тааламжтай байсан бэ?
Өөрийн бие хүний онцлогт тохируулан танд өнгөрсөнд хийхэд хялбар байсан зүйлстээ анхаарал төвлөрүүлж болно.
ХОЁР. ИРЭЭДҮЙГ АЙХГҮЙГЭЭР БИЧ
Та өөрийн зорилгыг олох эрлийн үзүүрт сэтгэл ханамжтай амьдрал, амар тайван бүхнийг олж авна гэдэгтээ бүрэн итгэлтэй байж болно. Та өнгөрсөндөө дүгнэлт хийж, өөртөө байгаа давуу талуудаасаа нэрлэж чадсан бол өөрийн сэтгэлд байгаа Алтангадас одоо тодорхойлох оролдлогыг хийе.
Энэ бүхэн айдсын цаана байгаа өөрийн хүслүүдийг гаргаж ирэх юм. Айдас бидний хүдний хаалт болдог ба түүний цаана таны ирээдүй харагдаж байдаг. Бид ихэнхдээ юу хүсэж байгаагаа мэдэхгүйдээ биш, юу тохиолдох бол гэдэгт илүүтэй анхаарал хандуулдаг.
Энэхүү асуулад гарч ирж буй хариултуудыг эмх цэгцтэй бичих гэж оролдох, хоорондын утга авцалдааг тайлах гэж оролдох, дарааллын дагуу хийх гэж оролдох хэрэггүй. Ирээдүйг бичих даалгавар нь таны тархинаас гарч ирж буй бүхнийг дүрэмгүй, төлөвлөгөөгүй, зөв буруу байхгүйгээр бүгдийг нь замбараагүй гаргаж ирэх зорилготой юм. Таны бичсэн хүсэл тэмүүллүүд зөвхөн ноорог байж болох бөгөөд таны амьдралын зорилго эцсийн байдлаар батлагдах шаардлагатай бизнесийн төлөвлөгөө биш билээ.
АСУУЛТ: ТАНД СААД БОЛОХ ЮУ Ч БАЙХГҮЙ ГЭВЭЛ ТА АМЬДРАЛДАА ЮУГ ХИЙЧИХСЭН БАЙХЫГ ХҮСЭЖ БАЙНА ВЭ?
Бүх айдас, санаа зоволтоо түр хойш нь тавиад дээрх асуултад хариулан жагсааж бичээрэй. Өөртөө байгаа давуу тал, сул тал, өөрийн ур чадварыг ашиглавал юуг хийж болох вэ? Эдгээр нь юу ч байж болох ба өөрийн давуу талууд дээр суурилсан байвал илүү үр дүнтэй.
Өөрөөсөө асууж болох энгийн асуултууд:
Хэрвээ танд хүссэн бүхнээ хийх 5 жил байгаа бол та юу хийчихсэн байхыг хүсэж байна вэ?
Хосын харилцаа, ажил хөдөлмөрийн хувьд амьдралдаа байлгахыг хүсэж байгаа зүйлсээ бичнэ үү.
Одоо цагт байхгүй боловч ирээдүйд мэдрэхийг хүсэж буй зүйлээ бичнэ үү? Одоо цагт ямар мэдрэмж байхгүй байгаа болохоор та өөрийгөө дутуу гэж бодож байгаа вэ?
Өөрөөсөө шалтгаалах ямар үйлдэл хийвэл энэхүү мэдрэмжийг авах боломжтой вэ?
Энэ амьдралд таны хиймээр байгаа бүх зүйлс бүтнэ гэвэл нийт хугацаанд нь та юу хийхийг хүсэж байна вэ? Та бичсэнээ зөвхөн өөрөө харахыг хүсэж байвал харандаа ашиглах, өөр дэвтэр, ноорог цаасан дээр бичиж болно.
ж.нь: Байраа засчихсан байна, Хөдөө амьдрах. Өөрийн бизнесээ эхлүүлэх, Олон нийтэд туслах, Санхүүгийн хувьд санаа зоволтгүй болсон байх.
ГУРАВ. ТӨГСГӨЛӨӨС НЬ ЭХЭЛЖ ТӨЛӨВЛӨ
Төлөвлөгөө гаргахдаа хүмүүсийн хамгийн их алдаа гаргадаг хэсэг нь “Одоо цагаас эхэлж төлөвлөх” юм. Дараагийн 2 сар юу хийх вэ? 3 жилийн дотор юу хийх вэ? Ойрын хагас жилд юу хийх вэ зэргээр үргэлж одоо цагаас эхэлж төлөвлөгөөгөө гаргадаг. Энэ нь яарах сэтгэлийг бий болгож, бусадтай өөрийгөө харьцуулах сэдлийг бүрдүүлж, богино хугацааны төлөвлөгөө гаргах эрсдэлийг бий болгодог. Одоо цагаас эхэлж төлөвлөснөөр таны амьдралд хийж багтамгүй олон ажлыг зэрэг амжуулах хэрэгтэй мэт ачаалал, түгшүүр үүсдэг. Үр дүнд нь залхуу зорилготой үлдэх ч тохиолдлууд их гардаг. Мөн одоо цагаас гаргасан төлөвлөгөө урт хугацаандаа үр шимээ өгөх нь бага юм.
Цаг хугацааны бодит төлөвлөгөө гаргахын тулд та ирээдүйгээс буюу тухайн зорилго биелсэн цагаас эхлэн төсөөлж төлөвлөх хэрэгтэй. Зорилгууд он цагийн дарааллаар биелдэг. Тиймээс хүссэн бүхнээ төгсгөлөөс нь эхлэн дараалалд оруулах нь амар амгалан байдлыг бий болгоно.
АСУУЛТ: 5 ЖИЛИЙН ДАРАА ЮУ ХИЙЧИХСЭН БАЙХЫГ ХҮСЭЖ БАЙНА ВЭ? ҮҮНИЙГ БИЕЛҮҮЛЭХИЙН ТУЛД ӨМНӨХ ЖИЛД НЬ ЮУ ХИЙЧИХСЭН БАЙХ ВЭ?
Энэ шат хамгийн төвөгтэй хэсэг байж болох юм. Та өөрийн бичсэн хүслийн жагсаалтыг цаг хугацааны хувьд дараалалд оруулна. Ингэхдээ 5 жилийн дараа хийчихсэн байх зүйлээсээ эхэллж жагсаан бичнэ. Хамгийн сүүлд 1 жилийн дараа хийчихсэн байх зүйлээ бичих юм. Цаг хугацааг доороос нь дээшээ чиглэлтэй гэж бодоорой.
Өөрөөсөө асууж болох энгийн асуултууд:
Таны хиймээр байгаа зүйл хэзээ биелэх боломжтой вэ?
Дээрх зорилгыг тань биелүүлэхийн тулд өмнөх жилд нь юу хийчихсэн байх хэрэгтэй вэ? энэ асуултыг хэдэн ч удаа асууж үргэлжлүүлж болно.
Та эдгээр зорилгуудыг биелүүлснийхээ дараа юу хийхийг хүсэж байна вэ?
5 жилийн дараа: …..
4 жилийн дараа: …..
3 жилийн дараа: …..
2 жилийн дараа: ….
1 жилийн дараа: …..
ДӨРӨВ. ОДОО ЦАГИЙНХАА ЗОРИЛГЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨР
Та өөрийн одоо цагийн зорилгодоо дургүй байж болно. Учир нь таны амьдрал бодсоноор тань өрнөхгүй, тааламжтай мэдрэмж багатай, та өөртөө таалагдахгүй байж болно. Гэхдээ энэ хүртэл танд амьдрах хүч өгсөн одоо цагийн зорилгодоо баярлан талархах хэрэгтэй. Одоо цагийн зорилгыг хүлээн зөвшөөрөлгүйгээр ирээдүйн зорилго руу шилжих боломжгүй юм.
Таны амьдралыг хөдөлгөж буй зорилго тань жижиг мэт санагдах, эсвэл хэт энгийн мэт санагдаж болно. Гэхдээ бидний сэтгэл санааг тогтвортой байлгадаг зорилгын хэмжээ, үзэмж чанар нь чухал биш. Зорилго хоорондын ялгаа гэж байдаггүй. Тиймээс “өдрийг өнгөрөөх” гэдэг ч амьдралын зорилго мөн. Тиймээс одоогийн зорилгоо дуусгаад, ирээдүйн шинэ зорилгодоо орон зай гаргаж өгөөрэй.
АСУУЛТ: ТА ОДОО ЮУНЫ ТӨЛӨӨ АМЬДАРЧ БАЙНА ВЭ?
Шууд хариулт хариулт байхгүй байх нь энгийн зүйл юм. Танд хамгийн түрүүнд төрж байгаа мэдрэмжээ үг болгон илэрхийлж хамгийн түрүүнд гарч ирж буй хариултаа бибиж тэмдэглэж аваарай. Таны бодож байснаас ч өөр хариу гарч ирэх боломжтой.
Өөрөөсөө асууж болох энгийн асуултууд:
Өдрийг юу хийж өнгөрөөсөн үедээ та амгалан тайван байдаг вэ?
Та амьдралдаа юуг чухалчилдаг вэ?
Та бусдад юуны төлөө амьдарч, хөдөлмөрлөхийг зөвлөдөг вэ?
ГЭР БҮЛИЙН ЗОРИЛГО: ……
АЖИЛ ХӨДӨЛМӨРИЙН ЗОРИЛГО: ……
ТАВ. АЙДАСТАЙГАА ЦУГ АМЬДАРЧ ӨДӨР БҮР ҮЙЛДЭЛД ЦАГ ГАРГА
Айдсын мэдрэмжээсээ болоод бид өөрсдийн ирээдүйг төсөөлж чадахаа больдог. Тиймээс өдөр бүр таныг ятгаж, өөртөө итгүүлж байгаа айдсуудаа олж тодорхойлон, нүүр тулах цаг болжээ. Одоо цагт зугтааж буй мэдрэмж, өнгөрснөөс арилж өгөхгүй байгаа үйл явдал, ирээдүйд тулгарч болох эрсдэл, эдгээрийн аль нь ч бай айж байгаа зүйлээ ширээн доороос ил гаргаж тавиад өөдөөс нь харах хэрэгтэй
Өөрийн айж байгаа зүйлээс зугтаах нь амгалан тайван байдалд хүргэдэггүй. Ихэвчлэн бид нүүр тулж, айдастайгаа хамт өдрийг өнгөрөөж байж, энэ бүхэн айхаар аюултай зүйл биш байсныг нь ойлгодог. Өөрийн айдастайгаа хамт байж, хүссэн зүйлийнхээ төлөө цугтаа үйлдэл хийж сурах буюу айнгаа үйлдэл хийж сурах хэрэгтэй. Хэсэг хугацааны дараа та юунаас болж тэгтлээ их айдаг байснаа мартсан байх болно.
ОЛОН ХҮМҮҮС ЭХЛЭЭД АЙДСАА БУУРУУЛЧХААД, ДАРАА НЬ ЗОРИЛГЫНХОО ТӨЛӨӨ ҮЙЛДЭЛ ХИЙМЭЭР БАЙНА ГЭДЭГ. ГЭТЭЛ ҮЙЛДЭЛ ХИЙЖ ЭХЛЭЭГҮЙ ҮЕД АЙДАС БУУРДАГГҮЙ ГЭДГИЙГ САНУУЛАХ НЬ ЗҮЙТЭЙ ЮМ.
АСУУЛТ: ТАНЫ АМЬДРАЛД ЮУ ТОХИОЛДОХ ВИЙ ГЭДГЭЭС АЙЖ БАЙНА ВЭ?
Өнгөрснөөс бий болсон айдас, санаа зоволт, сэтгэлин хөдөлгөөнүүдээ бичнэ үү. Та ирээдүйд дахиж мэдрэхийг хүсэхгүй байгаа сэтгэлийн өвдөлтүүдийг өөртөө ойлгомжтой, хүлээцтэйгээр гаргаж ирээрэй.
АЙЖ БУЙ ЗҮЙЛ ТАНЬ БИЕЛЛЭЭ ОЛЧИХВОЛ ТАНЫ АМЬДРАЛД ЮУ БОЛОХ ВЭ?
Өөрөөсөө асууж болох энгийн асуултууд:
Өдрийг юу хийж өнгөрөөсөн үедээ та амгалан тайван байдаг вэ?
Та амьдралдаа юуг чухалчилдаг вэ?
Та бусдад юуны төлөө амьдарч, хөдөлмөрлөхийг зөвлөдөг вэ?
ЗУРГАА. САНУУЛГА
ТЭМДЭГЛЭЛ БИЧИХ ЗААВАРЧИЛГАА
Та зорилгоо олох замдаа дараах 4 зүйлийг хэрэглэх болно.
Бичих цаас: Дэвтэр, бичгийн цаас
Бичих зүйл: Бал, харандаа, үзэг, өнгийн харандаа
Тайван суух газар: Та нэг удаадаа суухдаа 20-45 минут зарцуулаарай
Нэг удаадаа 5жилийн зорилгоо гаргасан бол үүний дараа хагас жил тутамд 7 хоногт 1-2 удаа бичиж, өөрчлөлтүүд хийж болно.
Үүнээс хэтэрвэл өөр зүйлд анхаарал хандуулна, багадуулбал бодол доторхоо бүрэн гаргаж чадахгүй. Амьдралынхаа хэсэг хугацааг өөрийнхөө амьдралд аз жаргал авчрах зорилгоо олохдоо зарцуулж байгаа Танд баярлалаа.
Зорилго бол Алтангадас, үйлдэл бол Алтангадаст хүрэх алхмууд юм. Өөрийн хүссэн зүйл рүүгээ өдөр бүр ойртсоор байвал нэгэн цагт та хажууд нь ирсэн байх болно. Харин мөрөөдөл болон зорилгоо өдөр бүр бодвол таны зорилго зөвхөн таны тархинд үлдэж, бодит хорвоо дээр таны юу хүсэж мөрөөдөж байсныг хэн ч мэдэхгүй өнгөрөх юм.
Энэ 6 үйлдлийг хийсэн байхад таны амьдралд зорилгуудаа цэгцлэх, шинэчлэх, нэмж бичих зэрэг засварын ажил л үлдэнэ. Мөн танд эдгээр алхмаас илүү хүнд хэцүү үүрэг даалгавар ирэхгүй. Тиймээс өөрийн өнгөрснөөс утга учир гарган, ирээдүй цагтаа айдасгүй төсөөлөл үүсгэн, өдөр болгон хийх хэрэгтэй зүйлстээ цаг гаргадаг бол зорилгодоо санаа зовох хэрэггүй.
Хүн өөртөө хамгийн зөв, хамгийн үнэн байх түүхийг өөрөө сонгож бичдэг. Тиймээс шаардлагатай бол өөрийн өнгөрсөн үеийн түүхээ шинэчлэн бичиж, өөртөө давуу тал болгон ашиглаж ч болно. Таны өөртэйгээ харилцах ярилцлага, бусадтай харилцах харилцаа эрүүл байвал та энэ амьдралыг хамгийн сайнаараа туулан өнгөрөөж буйн илэрхийлэл билээ.
Энэ хүртэл уншсанд баярлалаа ⸜(。˃ ᵕ ˂ )⸝ ♡
Уламжлал ёсоор дуртай дуугаа хуваалцая, арай л олныг листлчихлээ :)
Thank you & LOVE you NIGHTBIRDE, R.I.P.
Гайхалтай бичвэр болсон байна.үнэхээр их баярлалаа. хаанаас яаж эхлэхээ ч мэдэхгүй байсан. сахилга бат тогтвортой гэх зүйлс л энэ бичвэртэй хорших мэт санагдлаа. нэг удаад урам зориг авснаас үргэлж сахилга баттай байж тогтвортой үйлдлээр үр дүн нь илүү мэдрэгддэг гэж амжилтай яваа хүмүүс хэлээд байдаг. эхнээсээ ийм хүмүүсийг дагаж үлгэр дуурайлал авч байгаадаа талархалтай байгаагаа нуух юун.гэхдээ алдаа гаргадгүй хүн гэж байдаггүй тул түүнийг нь бас хамтад нь хүлээн зөвшөөрөх нь энэ бүхний нэгэн хэсэг мэт.буруу ойлгогдхоор зүйл бичсэн байвал хүлцэл өчие.